"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

"Учирт гурвалжин" ххк E-Mail:uchirtgurvaljin@gmail.com

Tuesday, 20 June 2017

TOYOTA CROWN ХУДАЛДАН АВАХАД



Монголын муу бензинд тохирохгүй загваруудын талаар танилцуулъя. Үүнд D4 системтэй Тоёотагийн авто машинууд бас ордог. Эхлээд шууд эвдрэхгүй ч ашиглалтын явцад ямар нэг тааламжгүй байдлууд илрэх бөгөөд эвдэрсэн тохиолдолд өндөр үнэтэй сэлбэг засвар шаарддаг юм. Мөн сайн октантай үнэтэй бензин хийх хэрэгтэй байдаг.
Toyota Crown-ын S175, S179 загварын 3.0 литрийн хөдөлгүүртэй загвар нь 2001 оны 8 сар хүртэл D4 буюу бензиний шууд цацалттай хөдөлгүүртэй, 2001 оны 8 сараас 2.5 литрийн хөдөлгүүрт мөн D4 систем тавьж эхэлсэн байна. Эндээс дараагийн загварын шинэчлэлт хүртэл  эхлэн 2.5 ба 3.0 литрийн хөдөлгүүрүүд D4-тэй ба D4 –гүй гэсэн хувилбараар холилдон гарсан. Иймд 2004 он хүртэлх S170 Crown худалдан авахдаа сайн нягталж үзэх хэрэгтэй. Харин 2.0 литрийн хөдөлгүүрүүд ямарч асуудалгүй энгийн системтэй юм.
                                                                    урд тал

                                                     D4-гэсэн бичигтэй

Харин S180 2004 оноос гарсан S180 Crown нь шинэ төрлийн V6 хөдөлгүүр тавигдсан бөгөөд бүх түлшний систем нь D4 болсон.

                                                      урд талаас
                              D-4 бичиг байхгүй, ялгах шаардлаггагүй болсон


2008 оны 1 сард өөрсдийн үйлдвэрлэсэн  D4 буюу 1JZ-FSE, 2JZ-FSE хөдөлгүүрийн доголдолын талаар Тоёота корпорациас албан ёсоор  мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдэлд эдгээр хөдөлгүүрүүд нь удаан хугаацаанд сул ажиллуулах явцад хөдөлгүүрийн эргэлт тогтворгүй болж өөрчлөгдөх явдал гарах бөгөөд энэ нь оруулах клапан дээр хуралдах карбон лагаас үүдэлтэй юм гэжээ.  Үүнд бид тухайн авто машины гүйлтээс хамаарахгүйгээр 5-9 жилийн хугацаанд үйлчилгээ, тохиргоог  тохируулж өгөх баталгааг гаргаж байна гэсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн японы дотоодод болон, албан ёсны дилерээс авсан автомашинуудад хамаатай юм.
Дээрх баталгаа нь монголд орж ирсэн автомашинуудад хамаарахгүй нь ойлгомжтой бөгөөд эсвэл энэ баталгааны хугацаа дууссан байх магадлал өндөр юм.


 

LANDCRUISER 80 ХУДАЛДАН АВАХ ЗӨВЛӨГӨӨ



Хөдөлгүүр: Бензин 1FZ-FE хөдөлгүүрийн хувьд маш сайн хөдөлгүүр гэгддэг бөгөөд нудраган гол тахир гол нь гинжээр холбогддог тул тасарна гэсэн гэсэн ойлголт байхгүй, харин дээд гавлын тагны жийрэг нь сууж бага зэрэг тос хөлөрсөн байдаг. Тийм бол жийрэгийг солих шаардлагатай болно. Урд хойд тахир голын их биеийн сальникаар тос хаяж байж болзошгүй, дээд агаар оруулах хоолой агаар шүүгч солих үед бүтнээр нь тайлж авалгүй сольсноос гармошк хэсгээрээ тасарсан байж магад. Өөр хүнд гэмтэл гарах нь ховор.
Харин HZ болон HD дизель хөдөлгүүр нь духны рементэй учир ремен муудсан байж болзошгүй. Хэдийгээр ремен солих анхааруулах гэрэл байдаг боловч ассан үед унтраасан байх магадлалтай тул гадна тагийг тайлаад нүдээрээ харсан нь дээр. Харахад ремений гадаргуу дээр хагаралт үүсээгүй, зах нь сэмрээгүй байвал зүгээр. Турбо нь хэт халааснаас эвдрэх магадлалтай ба муудсан бол агаарын хоолой руугаа тос цацсан байдаг.
Дизель хөдөлгүүр нь бохир түлш хийснээс түлшний  шүүр бөглөрч хүчгүй болох, форсунк шээх, пара плунжур хортон сууснаас хөдөлгүүр доголдох зэрэг асуудал бий. HD хөдөлгүүр нь агаарын ганц халаагчтай учир өвөл муудвал асахгүй. HZ нь цилиндр бүртээ халаагчтай тул нэг 2 муудсан байхад доголдоод асчихна. HD нь сүүлийн сайжруулсан загвар бөгөөд түлшээ шууд цилиндртээ цацдаг. Хар утаа их хаяж байвал түлшний өгөлтийг хэт ихдүүлсэн байна гэсэн үг бөгөөд ямар нэг түлшний системийн гэмтэлтэй байна гэсэн үг.

Кузов:
Харьцангуй зузаан төмөртэй боловч урд 2 дотор шанаа нь салдаг хийцтэй, манай замд дэржигнүүрт хамаагүй давхиснаас ханзрах нь элбэг. Ялангуяа баруун талынх их ханзардаг ба олдвол сольчиж болно. Дээрээ ачаа тавьж хэт их хүнд ачаа ачиж ширүүн явснаас хойд хаалганы багана, гуя хэсгээрээ цав гарах нь их. Кузов рамыг бэхлэхэд тусгаарлах зөөлөвч резинүүд сууснаас донсолгоонд кузов бага зэрэг чичирдэг. Резинүүдийг солих. Урд салхины шил өвөл хяхтнах дуу гардаг.
Хойд гадна дугуй тогтоогчийн баригч болон түгжээн дэгээ элэгдсэнээс хөдөлгөөн орж дуугардаг.
Явах анги, жолооны механизм:
Рулийн тяг, рулийн амартизаторыг шалгахад илүүдэхгүй, втулкууд нь харьцангуй бөх нэгэн зэрэг сулрах нь бага. Хөндлөн тягных илүү хурдан сулардаг. Кардан голын чагтны сулрал хурдан . Ялангуяа механик хурдны хайрцагтай бол. Урд чулаакны цаапны доод 4 боолт сулрах гэмтэй.

Автомат хурдны хайрцаг: нь жирийн хэрэглэхэд эвдрээд байдаггүй, харин хэт удаан ачаалах хүчиллэснээс эвдэрнэ.

Monday, 19 June 2017

Тэнцүүлэгч муудахын хор уршиг

 Автомашины тэнцүүлэгчийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. Хамгийн эхэнд нь үл хамаарах тэнхлэгтэй машинд байдаг гарны талаар авч үзье. Гарны үүрэг нь дугуйг дээш, доош хөдөлгөөн хийх боломжоор хангадаг. МакФерсон болон дээд, доод гэсэн үндсэн 2 төрөл түүнд бий.
Элэгдэл:
Дугуй хэвийн бус элэгдэх
Донсолгоотой замаар явахад хавирах, түчигнэх чимээг гаргаж болдог.





Урд хэвтээ тэнцүүлэгч
Эргэлт болон донсолгооны үед дугуйн доргилтыг саармагжуулдаг.
Элэгдэл:
Эргэлтийн үед хэт хазайх
Донсолгоотой замаар түчигнэж дуугарах
Хойд хэвтээ тэнцүүлэгч
Мөн л урд дугуйтай ижил доргилтыг саармагжуулдаг. Ингэснээр аль нэг тийш хэт хазайхаас сэргийлж өгдөг


Хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин
Дээр дурдагдсан хэвтээ тэнцүүлэгчийг кузовын бусад эд ангитай хавиралдаж дуугарахаас хамгаалах зорилготой даравч резин байдаг. Хэрвээ хөшиж үзэхэд язарсан, холхио орсон бол солих шаардлагатайг илэрхийлнэ.




Босоо тэнцүүлэгч
Энэхүү тэнцүүлэгч нь хэвтээ тэнцүүлэгчийг амортизаторын доод хэсэгтэй шарнерээр холбож өгдөг. Муудсан үед донсолгоонд дуу гарах бөгөөд шарнер нь холхио орсон бол солих шаардлагатайг илэрхийлнэ.
Дээрх тэнцүүлэгчүүдэд яг тэдэн км яваад солино гэсэн заалт Монголын нөхцөлд гаргахад төвөгтэй байдаг. Тиймээс тулгуур эд ангийн оношилгоонд оруулахдаа үргэлж шалгуулж, муудсан бол сайн чанарын бүтээгдэхүүнээр сольж байгаарай.