Toyota Alphard Түгээмэл асуугддаг асуултын хариулт

Ерөнхий танилцуулга

Тоёота Альфард машин нь 2002 онд анх Япон улсад өргөнөөр үйлдвэрлэгдэн худалдаалагдаж, одоог хүртэл сайжруулалт хийгдсээр дэлхийн 70 гаруй улсад борлуулалтын хэмжээгээр Приус, Ланд Круйзерын дараа орж амжилттай борлогдож байна. Хайбрид Альфардын баттерэйны хувьд 160.000км баталгаатай үйлдвэрээс гардаг бол цахилгаан мотор нь үйлдвэрээсээ 240.000км-ын баталгаатайгаар үйлдвэрлэгддэг ба энэ нь дунджаар 10 жилийн баталгаатай гэсэн үг юм.

Аюулгүй байдал хэр вэ?

Альфард бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн
болон зорчигчийн ослын дэртэй. Эргэлтийн үед шарвахаас хамгаалсан VSC (Vehicle Stability Control) системтэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч
Альфардын хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалт багатай, тав тухтай байдлыг эрхэмлэдэг байна.

Арчилгааны талаар...

Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Дутагдалтай тал нь...

Хайбрид Альфардын тухайд цахилгааны гэмтэл голдуу байдаг ба манай оронд 100% оношилж чаддаггүй.

Давуу тал нь...

Мэдээж эдийн засгийн хэмнэлттэй, үйлдвэрийн стандартаар 100 км замд 8-10л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд Хайбрид систем нь зундаа 100 км-т 10-11л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 100 км-т 16-аас дээш зарцуулдаг байна. Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах (шулуун явах) тусам бензин бага зарцуулдаг.
Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Хайбрид машин ус туулж чаддаггүй гэдэг буруу ойлголт юм. Альфард машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай гэж үздэг.

Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ?

Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.

Моторын тос солих, ямар тос илүү тохирох вэ?

Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Өвөл зуны аль ч улиралд үйлдвэрлэгчээс зааж өгсөн тосны зэрэглэлтэй тосыг хийж байна уу? Энэ талаар Хайбрид машины хөдөлгүүрийн тос сэдэвт тодорхой бичсэн байгаа...

Яаж өндөрлөх вэ...

Пүршээр өндөрлөх: Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Альфард машин нь харьцангүй өндөр кузовтой байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.
Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.
Резин өндөрлөгөө: Машиныг өндөр болгох боловч резинэн материалаар хийгдсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай. Бас хэсэг хугацааны дараа хатуурч ирдэг. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалтын байдаг тул ингэж өндөрлөх нь пүрш ба резинээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй юм.

Мотор арчилгааны талаар...

Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.

Баттерэйг хэрхэн шалгах вэ...

Альфард машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн мэргэжлийн газар шалгуулах хэрэгтэй.

Рулын аппаратын дууг арилгах боломжтой юу...

Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг шинээр солих билээ.

Антифризны сав цоороод шингэн алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ...

Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг. Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор (инвертэр) шатах аюултай.

Альфардад тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ...

Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Альфард машины стандарт обудны хэмжээ нь 16 инч байдаг. Энэ обуданд 215/70/R16 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой.

Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу...

Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.

Гол болон их хэмжээний усаар гатлахад цахилгаан моторт хэрхэн нөлөөлөх вэ...

Хайбрид хөдөлгүүртэй машинаар болж өгвөл гол болон их хэмжээний усаар гатлахгүй байх хэрэгтэй.
1. -рт хайбрид авто машинаар их ус туулах, удаан хугацаагаар усан дотор зогсох зэрэгт цахилгаан системүүд гэмтэж болох аюултай. Хэдий уснаас хамгаалсан жийрэг таг бий боловч удаан хугацаанд ашиглагдсан зэргээс жийрэг хатуурах, задлаад ахин угсрахдаа битүүмжлэлийг дутуу хийснээс ус орох магадлалтай.
2. -рт хайбрид автомашин агаар шүүгчээрээ ус сорохдоо энгийн авто машинаас маш амархан байдаг байна. Яагаад гэхээр ихэнх энгийн автомашины агаар шүүгч хөдөлгүүрээс тусдаа байрлаж урт хоолойгоор агаараа соруулж авдаг бөгөөд энэ нь түргэхэн хугацаанд ус орсон ч агаар шүүгчийг нэвтэрч урт хоолойг дүүртэл сорогдтол нэлээн уддаг юм. Харин хайбрид автомашины хувьд урт хоолой хийх зайд хайбрид систем байрласан байдаг учир агаар шүүгчийг шууд хөдөлгүүрийн дээр хийсэн бөгөөд богино хоолойгоор агаар сорж байдаг. Өөрөөр хэлбэл агаар шүүгчийг ус нэвтэрлээ л бол ус шууд хөдөлгүүрт сорогдож орохоор байгаа юм. Ингэхэд хөдөлгүүр усанд унтарч зогсох боловч хайбрид систем ажиллаж цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар уснаас гараад явна. Хэсэг хугацаанд цахилгаан хөдөлгүүр ажиллаж баттерэйн цэнэг багасаж бензин хөдөлгүүр асах хэрэгтэй болно. Энэ үед л таны хөдөлгүүрт ус ороод зогссон бол асахдаа эвдрэх болно. Яагаад гэхээр хайбрид нь стартер байхгүй бөгөөд цахилгаан мотор нь бензин хөдөлгүүрийг асаадаг юм. Харин хайбридын хувьд маш хүчтэй цахилгаан мотортой тул шатуныг хугартал эргүүлж хугарсан шатуун хөдөлгүүрийн блок болон ойролцоох эд ангийг цөм цохидог ба маш хүчтэй нүдсэн дуу гарч явах аргагүй болгон хөдөлгүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй болгодог. Азаар ус ороогүй бол асаад явна гэсэн үг. Тиймээс та машиныхаа хамрын урд үзүүр дээгүүр ус давсныг харсан л бол зогсоод шалгахад гэмгүй. Мөн усанд орсны дараа машин дан цахилгаан хөдөлгүүрээр яваад байвал сэжигтэй гэсэн үг. Даруйхан зогсож шалгах хэрэгтэй.
3. Юуг шалгах вэ гэж үү? Юуны түрүүнд агаар оруулах хоолойн урд ам норсон эсэхийг, дараа нь агаар шүүгч норсон эсэхийг. Хэрэв агаар шүүгч норсон байвал цааш очлуурыг авч үзэх эсвэл тусламж дуудах хэрэгтэй. Ингэсний дараа аль цилиндрт ус орсныг тогтоож усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа эргэж угсран явна.

Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ...

Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг. Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийхэд асуудалгүй.

Моторыг усаар шүршиж угааж болох уу...

Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.

Comments

Popular Posts