Хуучин машин худалдан авах гарын авлага

За ингээд хуучин машин худалдан авах гарын авлагаа үргэлжлүүлье.

Хөдөлгүүрийг шалгах
Тухайн машины тоснуудыг цаг тухайд нь сольж байсан эсэхийг шалгах нь маш чухал шалгууруудын нэг юм. Энийг шалгах хамгийн энгийн арга нь үйлчилгээ хийгдэж байсан эсэх тэмдэглэлүүдийг үзэх, ингэснээр тухайн машины тосыг хэдэн км-ийн заалтан дээр ямар тосоор сольсон, шаардлагатай үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан эсэх зэрэг чухал мэдээллүүдийг олж мэдэх боломжтой.

Мөн машиныхаа хамрыг сөхөж үзээд хэр зэрэг засвар хийгдэж байсныг өнгөц харах боломжтой. Түлэгдсэн тосны үнэр, баттерейний терминалуудын бохирдол, гоожсон хөлөрсөн тос зэрэг нь тухайн машинд үзлэг үйлчилгээ хангалтгүй хийгдэж байсныг харуулна. Хэдийгээр хөдөлгүүр орчим цэвэрхэн, шинэ юм шиг гялалзаж байсан ч гэсэн энэ нь цаг тухайд нь шаардлагатай үйлчилгээг хийдэг гэсэн үг хараахан биш юм. (Машинаа зарахаас өмнө хөдөлгүүр орчмыг угаалгах тохиолдол элбэг).

Хөдөлгүүрийг унтраалттай байхад тосны тагийг заавал авч үзэх хэрэгтэй. Тагны болон хөдөлгүүрийн дотор талд өтгөрч харласан тос наалдсан, бохирдол ихтэй байвал тухайн машин үйлчилгээ хангалтгүй хийгдэж байсаныг харуулах ба худалдан авахгүй байхыг зөвлөе.

Мөн тосны шубыг татаж үзэж тосны түвшин болон өнгийг шалгах хэрэгтэй.



Хэрэв тосны түвшин бага байвал аль нэг хэсгээр шүүрэлттэй байгаа эсвэл тос хөдөлгүүр лүү орж шатаж байна гэсэн үг. Яндангаас цэнхэр утаа ихээр гарах нь тос хөдөлгүүр лүү орж шатаж байгааг илэрхийлнэ. Харин хар утаа ихээр гарвал түлшний зарцуулалт их байгааг илэрхийлнэ.

Автомат кропыг шалгах

Автомат кроп нь ямар нэгэн асуудалтай болохдоо хурдан ба засхад ихээхэн ажиллагаатайгаас гадна мөнгө их зарцуулагддаг. Кропны тосны түвшинг үзэх хэрэгтэй ба бохирдолгүй, түлэнхий үнэргүй байх ёстой. Автомат кропонд зориулалтын “ATF” тос заавал хийсэн байх ёстой. Хэзээ ч “Gear Oil” буюу механик кропны тос хийж болохгүй.

Мөн араа солигдолтыг шалгаж кропны байдлыг тодорхойлж болдог. Ингэхийн тулд арааг “P” байрлал дээр машинаа асаагаад тормосон дээр гишгэж байгаад “R” буюу ухрах байрлал дээр татна.  Мөн “N” байрлал бас “D” байрлал руу шилжүүлж үзэх хэрэгтэй. Энэ үед араа хурдан бөгөөд зөөлөн, ямар нэг цохисон, огцом доргисон шинжгүйгээр дэвшиж байх хэрэгтэй. Араа солигдох хугацаа нэг секундээс илүү байвал ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. 

Механик кропыг шалгах
Машиныг бүх арааны байрлал дээр жолоодож үзэх хэрэгтэй. Араа солиход хавирах, угзрах шинж тэмдэг илэрэхгүйгээр зөөлөн солигдож байх ёстой. Хоёр эсвэл 3-р араандаа явж байхдаа огцом хааз нэмж үзэх хэрэгтэй. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт нэмэгдсэн ч машины явж буй хурд өөрчлөгдөхгүй байвал кроп асуудалтай гэсэн үг.  Бүх араанууд ямарваа дуу чимээгүй зөөлөн солигдож байх нь хамгийн чухал.

Туршилтын  жолоодлого

Хөдөлгүүр гадаах температураас үл хамааран ямар нэгэн асуудалгүй хурдан асаж байх хэрэгтэй.  Машины доор ямар нэгэн шингэн дусаж байгаа эсэх, утаа хаялт их байгаа эсэхийг  жолоодхоосоо өмнө мөн шалгаарай. Шулуун замаар өндөр болон нам хаазтай явах, аль болох бартаат замаар явах зэргээр сайтар шалгах ба энэ үед хэвийн бус дуу чимээ сонсогдох, доргио чичиргээ мэдэгдэх, руль булаах, тоормослох үед хэвийн бус дуу чимээ гарах, өрөөлдөж барих эсэхийг сайтар анзаараарай.

Эцэст нь дахин хэлэхэд та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дээ.

Comments