Тормоз ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ?

Машиндаа суугаад явж байхад тав тухтай байдаг ч 100 хувь аюулгүй гэсэн баталгаа үгүй. Машинаа зогсоох шаардлагатай үед гэнэт тормоз ажиллагаагүй болвол яах вэ? Юмыг яаж мэдэхэв, та доорх алхамуудыг тогтоогоод аваарай.
Машинаа аюулгүй зогсоох 7 алхам:
1. Таны машины тормоз автомат уу, стандарт уу? 
Та машинаа ямар төрлийн тормозтойг сайн мэдэж байх нь зүйтэй. Өнөө үед автомат тормозны системтэй (АВS) машин олон болжээ. Автомат болон стандарт тормозны үйлдэл харилцан адилгүй байдаг. Автомат тормоз дээр хөлөө тавиад нэгэн жигд гишгэхэд тормоз автоматаар тохируулагддаг. Харин стандарт тормозыг хурдаа сааруулахын тулд хөлөө олон дахин авч тавин гишгэж тохируулах хэрэгтэй байдаг.
2. Тоормос ажиллагаагүй болсон эсэхийг баттай мэд
Эхлээд тормозон дээрээ зөөлөн гишгэ. Хэрэв ямар нэгэн хариу үйлдэл мэдрэгдэхгүй бол хүчтэй гишгээд үз. Хөлний дор даралт мэдрэгдэж гишгэхэд хатуу байвал тормоз ажиллагаагүй болжээ гэсэн үг.
3. Хаазнаасаа хөлөө ав.
Машинаа зогсоохын тулд мэдээж эхлээд хурдаа багасгах хэрэгтэй. Тиймээс хаазнаасаа хөлөө аль болох хурдан ав.
4. Машинаа хамгийн тохиромжтой зүгт чиглүүл.
Хүн харж байгаа зүг рүүгээ бие нь ч мөн ханддаг. Өөрөөр хэлбэл та сандарсан үедээ зөв чиг уруу биш харин мөргөчихгүй юмсан гэсэн зүйл дээрээ хараагаа төвлөрүүлснээс болж жолоодлогоо ч алдана. Тиймээс аль болох тайван байж хаашаа явах уу гэдгээ бодож, яг тэр зүг уруугаа анхаарлаа төвлөрүүлснээр жолоогоо ч мөн зөв зүгт хандуулж чадна.
5. Замаас гар. 
Боломжтой бол замын хажуу уруу эсвэл шороотой газар уруу машинаа гарга. Явж байсан зам солигдоход машины хурд ч мөн саардаг.
6. Гар тормозоо тат. 
Жолоодлогоо алдаж, тормоз ажиллагаагүй болсон үед гар тормоз буюу бидний хэлж заншсанаар кардан тус болж болох юм. Гэхдээ та эхлээд хурдаа багасгахгүй бол гар тормоз татсан ч машин тань шууд зогсохгүйг анхаар. Гэнэт гар тормоз татахад хүчтэй доргилт үүсч болзошгүй.
7. Эцсийн арга.
Тормоз ажиллахаа больчихлоо, гэтэл зогсохгүй л бол хүн амьтан эсвэл бусад машиныг дайрчих гээд байдаг. Тэгвэл энэ үед хэрэглэж болох эцсийн нэг арга бол хүмүүсээс хол өөр ямар нэгэн аюул багатай зүйлийг мөргөж зогсох юм.
Суудлын даруулгаа шалгахаа хэрхэвч мартаж болохгүй!!! Хамгийн боломжийн бай бол замын хашлага болон тусгаарлах зурвас. Эсвэл мод, гэрлийн шон, эзэнгүй машин ч байж болно. Ингэж зогсох нь тодорхой хэмжээний хохирол учруулах боловч бусад хүмүүсийг гэмтээхгүйн тулд хийж болох эцсийн алхам юм.
Эцэст нь хэлэхэд та заавал тормозоо ажиллагаагүй болтол нь хүлээх хэрэг юу байна. Машинаа үргэлж мэргэжлийн оношлогоо үзлэгт хамруулж, аюулд орохоос урьдчилан сэргийлэх нь шилдэг арга билээ.

Comments