Жийпний тухай

Жийпний ангиллын машинууд нь Монголд зам харилцаа муутайгаас болоод хүссэн хүсээгүй мөнгөтэй бэлтэй л бол бүгд авахыг хүсдэг, тэгээд туулах чадвар болон найдвартай ажиллагаа, сэлбэгийн олдоц, засварлах боломжтойгоор сонирхож байна. Хурдыг нэг их голчлохгүй газраас тэнхлэг хүртэлх зай их байх, 4 дугуй хөдөлдөг байх, холын аялалд найдвартай тохитой байх гэх зэрэг шалгуураар манайхан сонирхож унаж байна.

Энэ ангиллын машинуудын гол үзүүлэлт болон эд ангиудын тухайд бол:
Газраас тэнхлэг хүртэлх зай өндөр байх. Хэт өндөр байх нь машины тогтвортой байдалд муугаар нөлөөлөх бөгөөд хурдтай явж байх үед аеродинамик алдагдаж онхолдох магадлалыг өндөрсгөнө. Туулах чадварыг бол мэдээж ихэсгэх боловч тооцоогүй өндөрлөгөө нь бусад эд ангид муугаар нөлөөлнө. Жишээ нь шууд өндөр хатуу амортизатор машиндаа тавьснаар тэнхлэг тохиргоо шууд алдагдана. Пүршийг заавал солихгүй бол пүрш хатуу амортизатортой ажиллаж чадахгүй хугарна. Амортизаторын таваг сууриараа ханзарна (patrol Y61…). Зарим машинуудын (Land 105…) кузов ханзарна. Резин болон шарнер, втулькан холбоосууд амархан байн байн тасрах зэрэг гэмтлүүд гарна.

Мост бол бартаат замд маш хэрэгтэй зүйл бөгөөд хоёр ангилдаг. “Full time” буюу байнгын дөрвөн дугуй хөтөлдөг, “Part time” буюу хэрэгтэй үедээ дөрвөн дугуй хөтөлдөг, энгийн үед салгачихдаг.

Дифференциал бол бас нэг туулах чадварт нөлөөлөх чухал зүйл бөгөөд энгийн, цоожлогчтой, LSD гэж ангилдаг. Ерөнхийдөө гол үүрэг нь кардан голоос өгсөн эргэлтийг 2 хагас голд дамжуулах үүрэгтэй.

Энгийн дифференциал бол кардан голоос өгсөн эргэлтийг хагас голд дамжуулах үүрэгтэй, нэг тэнхлэгийн хоёр дугуйны зууралт нь адил байх үед хоёр хагас голд 50/50 хувиар эргэлт дамжуулна. Эргэлтийн үед радиусаас хамаарч 60/40 хувь эсвэл 70/30 хувь гэх мэтээр дамжуулалт хийдэг.  Нэг дугуй хөндийрчихсөн эсвэл мөсөн дээр байхад аль сул талдаа эргэлт дамжуулах буюу хөндийрсөн дугуйнд чинь бүх эргэлтийг дамжуулдаг сул талтай. Ашигтай тал нь эдэлгээний хугацаа харьцангуй урт байдаг. Сул тал нь: Зарим full time машинууд нэг дугуй хөндийрсөн, эсвэл мөс, шавар зэрэгт муу байдаг нь ийм дифференциалтай учраас тэр. Бас урд эсвэл хойд кардан гол эвдэрчихвэл бас явахгүй болчихдог.

Цоожлогчтой дифференциал. Дифференциалдах функцыг хэрэгтэй үед түгждэг жижиг араа энгийн дифференциал дээр нэмж өгсөн байдаг бөгөөд түгжсэн үедээ нэг тэнхлэгийн дугуйнууд шууд 50/50 хувь ачаалалтай ажиллана. Төвийн дифф цоожлогчтой бол урд хойд тэнхлэгт 50/50 хувь ачааллыг дамжуулна. Ашигтай тал нь хэрэв урд эсвэл хойд кардан гэмтчихсэн бол төв дифферанциалаа түгжээд нэг карданаараа яваад байх боломжтой. Аль нэг дугуй хөндийрсөын эсвэл зууралтгүй байхад нөгөө талын, эсвэл нөгөө тэнхлэгийн дугуйгаараа зүтгэх боломжтой. Туулах чадварыг нэмэгдүүлж өгдөг.

Сул тал нь эргэлтийн үед нэг тэнхлэгийн хоёр дугуй чинь адил эргэлттэй байх учраас гадна талын дугуй чирэгдэнэ, эргэлтийн үед нэг л хөшилдөөд байгаа нь мэдрэгдэнэ. Эдэлгээний хугацаа багатай, ялангуяа хурдтай явж байх үед залгавал түгжигчийн жижиг араа хугардаг гэмтэй. Мөн дифференциалаа түгжээд өндөр ачаалалтай зүтгүүлж байх үед рулиэ хэт их мушгивал таван бул эвддэг.

Манайд орж ирсэн ихэнх машинууд төвийн дифференциал цоожлогчтой байдаг бөгөөд  хүндрүүлэгч залгах үед зэрэг автоматаар залгагддаг функцтэй байдаг. Хүндрүүлэгч залгаагүй үед бол хянахын аль нэг хэсэгт “center diff”  гэсэн кноптой байдаг. Мөн хойд болон урд дифференциал түгжигчтэй машинууд байдаг боловч дийлэнхийг эзэлдэггүй.

LSD бол түгжигчтэй дифферециалтай ойролцоо боловч түгжих салгах ажиллагааг дотор нь нэмж хийж өгсөн муфт болон перда холбоосоор хийж өгснөөрөө ялгаатай. Дотроо хэд хэдэн төрөл байдаг.  Ерөнхийдөө хуваарилалт нь 20/80 хувь хуваарилалтай, 50/50 хувь хуваарилалтай гэх мэт ангилдаг. Жолооч ямар нэг дифф цоожлогч гэх мэт кноп, рычаг залгах шаардлагагүй зэрэг давуу талтай. Сул тал нь мөн эдэлгээний хугацааны хувьд эргэлзээтэй, засварлахад хүндрэлтэй, перда холбогчтой LSD бол заавал өөрийнх нь тусгай тосыг хийх шаардлагатай.

Дугуйны хувьд бол ямар замд явдагаас шалтгаалж сонгосон нь дээр байх. Маш олон сонголт байна. Мөн зарим дугуй нь бэлээхэн дээр нь замын нөхцөлийг нь биччихсэн байдаг. MUD TERRAIN бол шавар элс, ALL TERRAIN бол ерөнхийдөө бүх төрлийн замд,  ROCK GUARD  хад чулуутай замын гэх мэтчилэн. Tubeless буюу олгойгүй дугуйнд олгой хийсэн нь дээр гэдгийг бараг бүх хүн л мэддэг дээ.

Обудны хувьд хэт том бөгөөд нарийхан хаймартай байвал машин чинь хатуу болно, хайлшин болон никель обуд хүнд нөхцөлд хагарчихдаг гэмтэйг анхаарах хэрэгтэй. Хэт их бартаатай, хүнд замд ашигладаг бол төмөр обуд найдвартай бөгөөд болж өгвөл нуухтай обуд байвал хээр дугуй хагарахад задлах, нөхөхөд хялбар байдаг.

Мөн төмөр хамгаалалтын гупер. Найдвартай бат бөх чанаржуулсан хайлшаар хийгдсэн, шууд машины рамтай бэхлэгддэг байвал зүгээр. Гэхдээ ийм гүпер бол урдуураа юм мөргөхөд рам болон жолоочийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг муу талтай. Бартаат замд явахад хуванцар гүперийг бодвол амархан хагарч гэмтээд байхгүй давуу талтай. Мөн өөрийн дураараа нэмэлт гэрэл, лебёдка зэргийг суурилуулах боломжтой.

Ус, гол их гаталдаг замаар явдаг бол мотортоо ус залгиулахгүй болохын тулд агаар шүүгчиндээ snorkle хийлгэх хэрэгтэй.

 Мөн шавар цасанд их явдаг хүмүүс маниултай өндөрт өргөдөг домкроттай байх хэрэгтэй. Бүр нэг метрт өргөдөг домкратууд байдаг.

Уаз-469 бол хамгийн түгээмэл оффроад машин бөгөөд он цаг, цаг хугацааны эрхээр одоо шахагдаж байна. Сүүлийн үед бол Hummer, Dodge, Tundra болон Land Cruiser гээд full size SUV манайд унаж байна. Сайн тал нь гэвэл манайд тохь тух найдвартай байдлыг дээд зэргээр хангасанд байна. Муу тал нь гэвэл мэдээж мөнгөний асуудал болон хотын замын бөглөө зогсоол зэрэгт том машинууд хэцүү байна.

Comments