Хуучин автомашин худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Машиныхаа түүхийг судлах
Энэ нь маш чухал бөгөөд хэдийгээр 100 хувийн баталгаа гаргаж чадахгүй ч гэсэн танд хэрэг болох тодорхой мэдээллийг өгөх болно /Үйлдвэрлэгдсэн он, газар, осол аваарт орсон эсэх, засварын түүх гм/. Машиныхаа түүхийг хэрхэн мэдэх талаар өмнөх VIN Number гэсэн бичлэгт тодорхой бичсэн байгаа.

Нийтлэг асуудлуудыг олж мэдэх
Бүх л төрлийн машинд өөр өөрийн гэсэн сул тал заавал байдаг. Сонирхож буй машиныхаа сул талуудыг интернэтээс олж мэдэх бүрэн боломжтой /Янз бүрийн машинтай холбоотой хэлэлцүүлэг вэб хуудсууд гм/. Ингэснээр та энэ машиныг худалдан авбал ямар, ямар асуудалтай тулгарч болзошгүй вэ гэдгээ урьдчилан мэдэх, цаашлаад авах эсэхээ шийдэх боломж олгодог.

Машины кузовыг шалгах

Эхний ээлжинд сонирхож буй машинаа гаднаас нь сайтар тойрж үзэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Ямар нэгэн сэв, гэмтэл, хагарж цуурсан шил толь, зураас, зэврэлт гэх мэт зүйлс байгаа эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Өмнө нь осол аваарт орж, будаг замаскын ажил хийгдэж байсан ул мөр байна уу гэдгийг шалгах нь хамгийн чухал. Машиныхаа гадна талыг шалгах ажилд цаг харамгүй зарцуулах хэрэгтэй. Ноцтой осол аваарт орж байсан машин худалдан авбал сөрөг үр дагавар нь хожим нь заавал илрэх болно /Дугуй жигд бус элэгдэх, салонд дуу чимээ орох, түлшний зарцуулалт ихсэх гэх мэт/.

Машины хажуу талыг дагууд нь сайтар ажиглах хэрэгтэй ямар нэгэн засвар хийгдэж байгаагүй машин дээр ойж буй дүрс тэгш харагдах ёстой.

Харин кузовтоо засвар хийгдсэн машин дээр ойсон дүрс ямар нэгэн хэмжээгээр хэлбэрээ алдаж мурилзсан харагддаг. Доорх хар BENZ дээр ойсон дүрс, улаан Camry дээр ойсон дүрс хоёрыг харьцуулаад хараарай.



Мөн ямар нэг хэмжээгээр өнгөний зөрүү байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Шинээр будагдсан хэсгийн өнгө бусад хэсгийнхээ өнгөнөөс илүү тод гэрэлтэж гялалзаж харагддаг.  Кузовын хэсгүүдийн хоорондох зайг сайн ажиглах хэрэгтэй. Иймэрхүү зай завсрууд аль нэг хэсэгтээ ихсэж эсвэл багассан байвал засвар хийгдсэн машин байна гэдгийг тодорхойлж байна.



Цонхны шил
Цонхны шилэнд ямар нэгэн цэг, цуурал байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Учир нь хэдий жижиг цэгэн цуурал байсан ч гэсэн эдэлгээний явцад томорч, шилээ солихоос өөр аргагүйд хүргэдэг.

Дугуйг шалгах
Дугуйнууд нь ижил брэндийн мөн ижил элэгдэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ өөр өөр брэндийн дугуйнуудыг тавьсан машин сонирхож байгаа бол худалдан авахгүй байхыг зөвлөе. Учир нь үүнээс шалтгаалах сөрөг үр дагавар маш их.

Машиныхаа дотор тал, мотор кропоо хэрхэн шалгах юун дээр анхаарах талаар дараагийн нийтлэлдээ оруулъя. Хамгийн гол нь та худалдан авах гэж буй машиндаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай биш л бол яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөе. Танд өөр ижил төстэй машин олох эсвэл буцаж ирээд энэ машинаа авах боломж нээлттэй байгаа шүү дээ.

Comments