ГОЛЛАНДАД НИСДЭГ АВТОМАШИНЫГ ХУДАЛДААЛЖ ЭХЛЭВ


Голландын PAL-V компани өөрсдийнхөө угсарсан нисдэг автомашины хоёр загварыг худалдаанд гаргасан байна. Уг компани 2009 оноос нисдэг автомашин үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн билээ. Харин 2012 онд анхны загвараа бэлэн болгож байв. Тэгвэл 2017 онд PAL-V компанийнхан “Liberty Pioneer” болон “Liberty Sport” гэсэн хоёр загвартаа захиалга авч үйлдвэрлэж эхэлжээ.
 
Нисдэг автомашин үйлдвэрлэгчдийн мэдээлснээр тэдний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэнэ. PAL-V компанийнхан захиалагчиддаа нисдэг автомашинаа 2018 оны сүүлээр хүлээлгэж өгнө. Энэ хугацаанд нисдэг автомашинууд сорилтыг бүрэн давж сертификат авах аж.

Компанийн ерөнхий захирал Роберт Дингемансын хэлснээр нисдэг автомашины гол зах зээл нь Хойд Америк болох юм байна. АНУ, Канад, Мексик брдон Бермудын арлаас нисдэг автомашинд олон хүн захиалга өгчээ.

Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед замын түгжрээ эсвэл замгүй газраар нисээд явчихдаг нисдэг автомашин олны хэрэглээ болох нь тодорхой болж байна.
 
Тэгвэл Орост ирэх сарын эхнээс нисдэг автомашин хийх уралдаан зарлахаар болжээ. Оросын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Иван Андриевский энэ тухай мэдээлэв. Нисдэг автомашинаа худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд үнэ нь 200 мянган евро болох юм байна.

Нисдэг автомашин нь хоёр тонноос илүүгүй жинтэй цахилгаан хөдөлгүүртэй, цагт 200 км хүртэл хурдалж чадах аж. Шинжээчдийн үзэж буйгаар 20-50 жилийн дараа нисдэг автомашин хүн бүрийн хэрэгцээг хангах болно гэжээ.


Comments