Хий-тосны амортизатор дэржигнүүртэй замд сайн

Тээврийн үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг Танд хүргэе. Бүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амортизаторын үндсэн хэсэг нь тосон, хий-тосны гэж хуваагддаг. Эхнийхэд нь зөвхөн тос ашигладаг бол хоёр дахь нь тосон дээр нэмж хий шахсан байдаг.



Хий-тосны аморизатор нь тосонгоо бодвол гуч орчим хувиар илүү үнэтэй. Учир нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн, дугуйг зам руу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломжоор давуу байдаг аж. Муу замаар өндөр хурдтай явж байхдаа замын эргэлтэд багтах үед энэ чанар нь тод илэрдэг. Гэхдээ энэ хоёр төрлийн амортизаторын хоорондын ялгаа тийм ч их биш гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.

Ихэнх компани давхих, спортын жолоодлогод дуртай хүмүүст зориулан агших, түлхэх хүчийг нь нэмэгдүүлсэн тусгай ангийн амортизатор үйлдвэрлэдэг. Ийм амортизатортай машин донсолгоо, эргэлттэй замд хурдан явах үед тогтвор сайтай ч нэлээд хатуу явалттай юм байна. “Хатуу” амортизаторын тоонд Rancho брэндийн Rs9000 болон Kayaba пүүсийн Ultra SR гэх мэт бүтээгдэхүүнүүд ордог. Мөн тусгай амортизаторын ихэнхийг KONI ба BILSTEIN зэрэг компани үйлдвэрлэдэг бөгөөд хатуу, бат бөх байхын хэрээр өндөр үнэтэй байдаг гэнэ. Ер нь өндөр чанартай, сайн амортизатор хямд байна гэдэг үнэхээр худал хэмээн тус төвийнхөн анхаарууллаа. Гэхдээ заавал өндөр үнэтэйг сонгох гэж хичээх шаардлагагүй.

Харин одоо амортизатор солихдоо яах ёстой вэ. Хэрэв Та тосон шахуургатай амортизаторыг хий-тосон эргэдүүртэйгээр солихыг хүсч байгаа бол дөрвөн амортизатораа нэг зэрэг сольсон нь дээр. Харин нэг тэнхлэгт нь хий-тосон эргэдүүртэй, нөгөөд нь тосон эргэдүүртэй амортизатортай явах болвол машины төлөв байдалд өөрчлөлт гардаг аж. Энэ нь аюулд хүргэхгүй ч технологийн хувьд маш буруу. Түүнчлэн амортизатораа сольчихоод элэгдсэн бөөрөнхий суурь, хэмхэрхий дээд дэр, урагдсан тоосноос хамгаалагч, цохилт багасгагч зэргийг хэвээр үлдээх нь бүр утгагүй. Учир нь тулгуурын эд анги элэгдэж хуучирсан бол шинэ амортизаторын ачаалал ихэсч, жижигхэн хонхор гүдгэрт хүртэл тултал чангарч явсаар амархан мууддаг юм байна.

Comments