Ажилд авах жолоочийнхоо талаар ЗЦГ-аас лавлагаа авч болно


-Цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийн нэгдсэн бүртгэлийн сантай болж байгаа. Энд жолооч нарын зөрчлийн бүртгэлийн сан давхар ажиллаж эхэлнэ. Өмнө нь зам тээврийн осол хэрэгт холбогдсон, согтуугаар автомашин жолоодсон бүртгэл л байдаг байсан. Харин одооноос эхлэн жолоочийн гаргасан бүх зөрчил энэ санд бүртгэгдэнэ гэсэн үг юм.
-Жолооч болгоны мэдээлэл тус тусдаа байх уу?
-Зөрчлийн бүртгэлийн нэгдсэн сантай болсоноор жолооч нарын сахилга, дэг журам сайжирч, осол зөрчил буурна гэж үзэж байна. Жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргасан, зөрчлийн улмаас арга хэмжээ авахуулсан тохиолдол бүр зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж үлдэнэ. Замын хөдөлгөөний дүрмийг жижиг гэлтгүй зөрчих юм бол таны эзэмшиж яваа тээврийн хэрэгслийн марк, дугаар, зөрчил үйлдэгдсэн он, cap, өдөр, цаг, торгуулийн хуудасны дугаар, жолооч таны овог нэр регистр, оршин суугаа хаяг, зөрчил гаргасан зам орчин, зөрчил гаргагчийн хувийн байдал, зөрчил үйлдэх үеийн зарим онцлог байдлууд зөрчлийн хэлбэр, хуулийн заалт, тэр ч байтугай ямар арга хэмжээ авагдсан талаарх дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл хадгалагдана.
-Жолоочийн мэдээллийг энэ сангаас бүрэн авч болох уу?
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэн нэгнийг жолоочоор ажилд авах, шагнал урамшил олгох зэргээр Замын цагдаагийн газраас жолооч нарын талаарх төрөл бүрийн лавлагаа авдаг. Хэрэв таны талаарх мэдээлэл, зөрчлийн мэдээллийн нэгдсэн санд орсон байх юм бол асуудал өөр байх нь ойлгомжтой юм. Захиргааны зөрчлийн мэдээллийн сангаас урьд өмнө захиргааны шийтгэл хүлээсэн иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн талаарх лавлагааг “Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар нутаг дэвсгэрийн хэмжээнд цагдаагийн тухайн газар, хэлтэс, улсын хэмжээнд мэдээлэл, судалгааны төв тус тус олгох ажлыг хийж гүйцэтгэх юм. Иймд жолооч та зөрчил үйлдсэн тохиолдол бүртээ торгуулчихаад санаа амар явдаг байсан бол одооноос эхлэн арга хэмжээ авагдсан тохиолдол бүрээр таны мэдээллийн сан нэмэгдэнэ гэдгийг анхаарч хөдөлгөөнд анхааралтай, соёлтой оролцохыг зөвлөж байна.

-Жолоочоос гадна аж ахуй нэгж байгууллагуудад хамаатай гэсэн?
-Дээрх бүртгэл нь зөвхөн зөрчил гаргасан жолоочоос гадна хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагад ч мөн хамаарна.

Comments