DCT хурдны хайрцагтай автомашин авах хэрэгтэй юу?

Шинэ автомашин худалдан авах гэж байгаа хүмүүст хэд хэдэн асуулт байдаг бөгөөд үүнд тээшний зай хэр том, сүүлийн үеийн технологи байгаа эсэх, нэмэлт сонголтод ямар зүйлс багтах, люкс байдал болон бусад нүд татсан элементийг маш сайн гярхай шинжиж үздэг билээ. Хэдий тийм ч хамгийн чухал 3 үндсэн асуулт байдаг бөгөөд үүнд: жолоодоход хэр тухлаг вэ? Жолоодлого хэр вэ? Шатахуун зарцуулалт ямар вэ? Гэсэн асуулт багтдаг байна.
Ихэнх авто үйлдвэрлэгч нар энэхүү 3 асуултын хариуг ямар хурдны хайрцаг сонгохоос шалтгаална гэдэг бөгөөд хэрвээ та механик хурдны хайрцаг сонговол танаас тодорхой хэмжээ жолоодлогын ур чадвар гарч байж ая тухтай зорчих боломжтой юм. Хэрвээ уламжлалт автомат хурдны хайрцгийг сонговол жолооч үнэхээр тав тухтай жолоогоо мушгих боломжтой хэдий ч эрч хүчтэй жолоодлогын үед учир дутагдалтай байдаг байна. Автомат хурдны хайрцаг нь мэргэжилтнүүдэд тэр бүрчлэн 100% сэтгэл ханамжийг өгч чаддаггүй ба ерөнхийдөө бага зэрэг уйтгартай жолоодлоготой байдаг билээ.
Golf-R32-Mk4
Хамгийн сүүлийн үед олны анхаарал татаад байгаа хурдны хайрцаг бол хос авцуулах холбоо бүхий (Dual Clutch Transmission буюу DCT) бөгөөд түүнийг урьд нь өндөр хүчин чадал бүхий автомашинд хэрэглэдэг байсан байна. Харин одоо энэ байдал ард хоцорч хэрэглэгчдэд технологийн гайхамшгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжийг томоохон авто үйлдвэрлэгч нар олгож байна. DCT нь ерөнхийдөө бол механик хурдны хайрцагтай ажиллагааны хувьд төсөөтэй бөгөөд тодруулбал түүнд 2 авцуулах холбоо байдаг байна, гэхдээ түүнийг удирдах консны гишгүүр байдаггүйгээр онцлог байна. Үүний үр дүнд араа шилжилт хийх явцад хүчний хувьд тасалдалгүй болж чаддагт гол ажиллагааны онцлог оршиж байна. Жолоодлогын явцад хос авцуулах холбоо бүхий хурдны хайрцаг нь дараагийн араандаа шилжүүлэхэд бэлтгэдэг бөгөөд ингэснээр дараагийн араандаа хурдан шилжих боломжтой болсон байна. Танаас ямар ч авцуулах холбоог салгаж, нийлүүлэх үйлдэл шаардагдахгүй бөгөөд энэхүү араа солигдолт хэдхэн миллсекундын дотор болж өнгөрдгөөр механик хурдны хайрцгаас хэд дахин илүү хурдан болсон байна.
DSGCutaway

Механик хурдны хайрцагтай автомашин жолоодож буй жолооч араагаа бүрэн шилжүүлэхэд дунджаар 0.5-1 секунд шаарддаг бол энгийн автомат хурдны хайрцагтай Мерседес-Бенз 100 миллсекундын дотор араагаа шилжүүлдэг байна. Энэхүү үйлдэл нь жолоочид бага зэргийн хүлээлт болон мэдрэгддэг бол Вольксвагений DSG хурдны хайрцаг үүнд 8 миллсекундыг зарцуулдаг болсноор энэ байдлаас ангижирч чаджээ.
Ихэнх DCT буюу хос авцуулах хурдны хайрцаг нь 2 горимоор ажилладаг бөгөөд нэг нь бүрэн автомат горим буюу компьютер хэзээ араагаа солихоо өөрөө зохицуулдаг горим, нөгөөх нь механик горим буюу та өөрийн хүсэлтээр руль дээр байрлах араа солигч эсвэл рычакын туслалцаатай араагаа солих боломжтой горим юм. Механик горимд шилжүүлснээр механик хурдны хайрцагтай автомашин жолоодож буй таатай сэтгэгдлийг төрүүлэх бол автомат горим нь тав тухтай, нэгэн хэвийн жолоодлогын мэдрэмжийг танд өгөх болно.
Анхны хос авцуулах хурдны хайрцагтай (DCT) автомашин нь 2003 онд үйлдвэрлэгдсэн Вольксваген Golf R32 загвар (зураг дээрх) байсан ба улмаар бусад компаниуд DCT технологийг өөрсдийн олон олон загварууддаа шил дараалан санал болгох болсон байна. Энэхүү технологи нь өндөр хүчин чадал бүхий загваруудад араа шилжүүлэх хугацаа бага, нарийн мэдрэмтгий ажиллагаатай зэрэг нь маш таатайгаар нөлөөлж тэдэнд тавигдах болсон байна. Тэгвэл энгийн зорчигчийн автомашинд тавигдсанаар ямар өөрчлөлт авчрав?
Фордийн загваруудад тавигддаг хос авцуулах хурдны хайрцгийг Powershift хэмээн нэрлэдэг бөгөөд түүнийг Фиеста болон Фокус загваруудад ашигладаг байна. Гэхдээ түүнд бага зэргийн асуудал байдаг ба жолооч нарын хэлж байгаагаар араа солилт тийм ч зөөлхөн биш хэмээсэн байна. Тодруулбал, бага хурдтай үед хурдатгал авбал бэлтгэгдсэн дараагийн араанд удаан ордог байна. Ганцхан Фордын DCT-т ч энэхүү асуудал байдаггүй бөгөөд зарим жолооч нарын хэлж байгаагаар Вольксвагений хос авцуулах холбоо мөн адил бага хурдтай үед энэхүү хатуу үйлдлийг мэдрүүлдэг байна.
Эдгээр хос авцуулах холбооны өө сэв нь, ганц авцуулах холбоотой автомат хурдны хайрцагтай харьцуулвал юу ч биш бөгөөд DCT түүнээс хамаагүй зөөлхөн, хурдан араа шилжилттэйгээр онцлог юм. Тиймээс ч Феррари болон БМВ нар DCT хурдны хайрцаг руу шилжсэн байна.
12-Ford-Focus-DCT-Shifter

Фордийн хүч дамжуулах анги хариуцсан менежер Ричард Труетийн хэлснээр ирээдүйд Форд компани DCT хурдны хайрцгийг ашиглана гэсэн ба "Бид үргэлжлүүлэн хос авцуулах хурдны хайрцгийг боловсронгуй ашигтай болгохоор ажиллаж байна, гэхдээ араа солигдолт нь уламжлалт гидромуфт хурдны хайрцгаас өөр байж чадахгүй" хэмээн тэрээр хэлж, шүүмжилсэн байна.
Вольксвагений бүтээгдэхүүн ба технологи хариуцсан менежер Марк Жиллиесийн хэлснээр "Ирээдүйг DSG-тэй хамт төсөөлж байна, учир нь түүний хосолмол байдал нь автомат хурдны хайрцгийн давуу тал болж байна. Гидр трансформатороор энерги алдагдах учиргүй бөгөөд эрч хүч шаардсан үед механик горимд шилжүүлэх боломжтой төдийгүй шатахуунд уламжлалт автомат хурдны хайрцгаас илүү хэмнэлттэй байж чадна" гэжээ.
Тэрээр нэмж "Бид энэхүү технологийг өөрсдийн TDI болон спорт загварууддаа ашигласнаар борлуулалт маш сайжирсан, өнөөдрийг хүртэл Вольксваген нийт 3.5 сая ширхэг хос авцуулах хурдны хайрцагтай автомашин борлуулаад байна" гэжээ.
Хос авцуулах хурдны хайрцаг машин болгонд тавигдах хэрэгтэй юу? Труети бидэнд хэлснээр зарим нөхцөлд DCT тийм ч сайн тохирдоггүй бөгөөд жишээлбэл Фордийн Super Duty пикап загварт тавигдсанаар илүү мэдрэмжийг төрүүлдэггүй байна. "Хос авцуулах хурдны хайрцаг нь автомашины шатахуун зарцуулалтыг багасгах давуу талтай. Тийм ч учраас дэлхий дахинаа бага оврын загваруудад хос авцуулах автомат хурдны хайрцгийг ихээхэн ашиглаж байна" гэжээ.
Хэрвээ та өдөр тутмын жолоодлогодоо спорт мэдрэмжийг мэдэрмээр байвал DCT бол маш зөв сонголт. Хос авцуулах хурдны хайрцаг нь уламжлалт автомат эсвэл CVT хурдны хайрцгаас хол илүү мэдрэмтгий, дээрээс нь өрсөлдөгч нараасаа шатахуун зарцуулалт багатайгаар давуу билээ. Ерөнхийдөө бол DCT нь шатахуун зарцуулалт болоод үр ашигтай байдлын сайн нэгдэл юм. Хос авцуулах автомат хурдны хайрцаг нь механик эсвэл автомат хурдны хайрцгаас илүү шатахуунд хэмнэлттэй байдаг ч нөгөөдүүл нь илүү хүчин чадалтай загваруудад чиглэсэн байх жишээний. Тиймээс та өөрт тохирсон хурдны хайрцгаа сонгоорой.

Comments