Хуурамч сэлбэгээс татгалзах цаг боллоо


Монголд авто машины сэлбэгийн дэлгүүр тоймгүй ч чанарын баталгаатай сэлбэг олж авна гэдэг монголчуудын хувьд толгой өвтгөсөн асуудал байдаг. Машины хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг жолооны удирдлага, тоормозны эд анги, тулгуурын механизмын сэлбэгүүд чанарын баталгаатай байх учиртай.
Бусад улс оронд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа баталгаатай сэлбэг хэрэглэдэг байх заалт оруулж өгсөн байдаг байна. Гэтэл манайд худалдан борлуулж буй авто машины сэлбэгт ямар ч мэргэжлийн байгууллага, хувь хүн чанарын батлагаа өгч чадахгүй нь харамсалтай.
Өчигдөр “Баянгол” зочид буудлын хурлын танхимд төмөр хүлгийн хөдөлгөөний аюулгүй байдлын эд анги, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, худалдаанд шинэчлэлийн салхи үлээлгэсэн нэгэн арга хэмжээ болов. Авто машины хөдөлгөөний аюулгүй байдлын эд анги, сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Японы “Osaka Bane inc”, “MK Kashiyama” корпарцийн төлөөлөгчид үйлдвэрлэлийн технологийн онцлог болон бүтээгдэхүүнээ танилцуулав.
Уг арга хэмжээг япон авто машины сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Форвард моторс” компанийнхан зохион байгуулжээ. Энэ үеэр дээрх хоёр компанийн чанарын баталгаатай тоормоз, амартизатор, наклад зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сэлбэгийг дэлгэн тавьснаас гадна ЗЦГ, УМХГ зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд семинарт оролцож байлаа. Авто машины сэлбэг хэрэгслийн чанар, баталгаажуулалтын талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд анх удаа хуралдаж байгаа нь олзуурхууштай байв.
“Osaka bane inc”, “MK Kashiyama” корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагч нь болох “Форвард моторс” компанийн ерөнхий зохион байгуулагч Г.Орхонтуяа “Mонголын авто сэлбэгийн зах зээл төрийн хяналтгүй учраас лангуу түрээслэгч хувь хүмүүс болон компаниуд рекламны хуулийг зөрчин дуураймал сэлбэгийг Японы оргиналь гэж худалдаалдаг. Энэ нь иргэдэд амь нас, эрүүл мэнд, эд материал, эдийн засгийн хохирол учрууж буй. Манай улс зам тээврийн ослоор амь насаа алдаж , гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүний тоогоороо зарим нэгэн дайн байлдаантай оронтой ойртож гамшгийн хэмжээнд хүрсэн нь харамсмаар байна.
Энэ онд Зам, тээврийн тухай хуулинд өөрчлөлт орж, авто машины хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөтэй эд ангиудад баталгаатай сэлбэг хэрэглэх заалт орсон. Энэ дагуу манай компани хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг явах ангийн сэлбэг болон тоормозны накалдын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Японы “Osaka bane ink”, “MK Kashiyama” корпорацитай хамтарч ажиллахаар болж байгаа. Дэлхийд танигдсан брэнд сэлбэгийг Монголд үйлдвэрээс нь шууд нийлүүлэх боломжтой болж буйгаараа ач холбогдолтой. Ингэснээр сэлбэгийн худалдааны үнийн хөөрөгдөл үүсгэдэг олон шат дамжлагыг халж байгаа” хэмээлээ.
Японы компаниудын төлөөлөгчид ч “Манайх дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэгийн хувьд Монголын нөхцөлд тохирсон чанарын баталгаатай хөдлөх эд анги нийлүүлнэ. Авто сэлбэгийг биш, аюулгүй байдлыг худалдаж байна гэж ойлгож болно” гэж ярив.
Уг арга хэмжээнд оролцсон ЗЦГ-ын Тамгын хэлтсийн ахлах байцаагч А. Энхболд “Манай зах зээлд авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхэлж буй хувь хүн, компаниуд чанарын баталгаагүй буюу гарал үүслийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулдаг. Энэ нь осол гарсан үед хариуцлага тооцох аргагүй байдаг. Машины сэлбэг хэрэгслийн гарал үүслийн гэрчилгээ,  чанарын баталгааг ярих цаг болсон.
Авто машины ослын ихэнх хувийг хөдөлгөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги чанаргүй муугаас болж гардаг. Өнгөрсөн жил “Эмээлт” захын орчимд машины өндгөн тулгуур нь мултарч нэг хүн нас барсан. Дараа нь “Найрамдал”-ын замд мөн л дугуй нь салаад хүний амь эрсдэж байсан. Энд дүн шинжилгээ хийхээр уг чанаргүй эд ангийг хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй учраас хариуцлага тооцож болдогүй. Тиймээс Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор гарал үүслийн гэрчилгээтэй сэлбэг хэрэгсэл ашиглах тухай хуулийн төсөл боловсруулсан байгаа” гэв.

Comments